Thursday, February 7, 2008

Чаддаг чаддаг зүйлсээ чанартай сайн хийцгээе

Хүн бүгдийг сурна гэвэл бүтэшгүй зүйл нь хэнд ч ойлгомжтой. Сурж ямар барах биш. Алдартангууд ч энэ талаар байнга хэлж байдаг. Компьютерийн тал дээр ялангуяа залуус маань зэрэг зэрэг олон юм оролддог. 3dmax, photoshop, flash, php, maya ,... за тээд программууд ямар дуусах биш. Тэгж олон юмны араас гүйгээд үнэхээр СОД ЯВЪЯАСТАН л биш бол бүгдийг оргилд нь хүртэл сурахгүй. Нэг программ тай ноцолдоод ч төгс эзэмшинэ гэдэг хэцүү. Программ хангамж бол асар хурдтай хөгжиж тоо томшгүй прораммууд өдөр бүр бүтээгдсээр байгаа, бүтээгдсээр ч байх болно гэдгийг надаар хэлүүлэлтгүй та мэдэж буй байх. за олон юм нурших ч яахав өөрийн бяцхан туршлага дээр тулгуурлаад залууст хэрэгтэй болж магадгүй хэмээн вэбийн тал дээр хэдэн зөвлөгөө болон жишээ хэлье.

Жишээ эхлэхийн өмнө уг сэдвийхээ гол асуудлыг хөндье. Олон төрлийн программ халтар хултар мэддэг байснаас чаддаг ганц хоёр программ хангамжаараа мэргэшвэл уг хүнд ирээдүй талаасаа, нэр хүнд талаасаа, чадвар талаасаа цаашилвал мөнгө олох талаасаа илүү үр дүнтэй. Нэр хүндийг мөнгө ямагт дагаж байдагийг санах хэрэгтэй.
Жишээ нь муухан дизайн гаргаад муухан хөдөлгөөд бэлэн үнэгүй программ ашиглаад 1 вэб хийлээ гэж үзье. Уг вэбийн үнэ хийж буй хүний маань амны пигур сайтай бол хэд ч хүрч болох ч ерөнхийдөө өнөөдрийн ханшаар 200 ам хүрэх байх. 200 ам доллар авахын тулд вэб хийгч маань 1 өдөр дизайн гаргаад, 1 өдөр хөдөлгөөд мэдээллийг нь оруулаад гэх мэт их олон үйлдэл хийж байна.
Харин вэб дизайн маш сайн гаргадаг хүн бол олны дунд нэр хүнд олчихсон, хүмүүст гаргасан дизайнаараа танигдсан байх ба ердөө нэг вэбийн дизайныг л 200 ам доллараар гаргаж өгөх боломж одоо үед бүрдсэн байгаа. Цаашдаа ч нээх унаад байхгүй нь лав. Гэхдээ уг хүн маань хэдхэн цаг суугаад гаргачихгүй. Эхний өдөр бодно, бусад сайтуудыг судална гээд ерөнхий сайн дизайн 2-7 хоногтоо гарчихдаг. Сайн дизайнерууд өөрсдөө ихэвчлэн зурж хийдгээрээ давуу талтай байдаг. Үүгээрээ ч тэд кайф гэдэг зүйлийг авч байдаг.
Флашеруудын хувьд мөн адил. Флаш дээр сайн ажиллах чадахгүй бол том захиалгуудыг ихээр алдана. Сайн мэдэхгүй учраас хийхээсээ айна. Уг захиалгыг авсан ч хийж чадахгүй цаг их алдана. Аягүй бол гэрээ цуцлагдана. Тиймээс нэг ч биш нэлээд хэдэн захиалгуудыг ирээдүйдээ алдсаар л байх болно. Энэ асуудал нь ганц флаш ч биш ер нь бүх төрлийн захиалгад хамаарагдана. Тиймээс та нэг юм сайн сур тэр зүйлээ маш сайн хий. Сайн хийснээрээ та үйлчлүүлэгчдийхээ итгэлийг олно. Үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг олсноор таны нэр хүнд өсөж та захиалганд умбах болно. Захиалагч танаар нэг удаа үйлчлүүлэх больчих юм биш. Хэрэв та үйлчилгээгээ үнэхээр л сайн үзүүлж чадвал танай захиалагчдад найз нөхөд, танил нэлээд тоогоор байгаа гэдгийг сана. Та нэг захиалагчийн ажлыг сайн хийж өгснөөс хойш 5,6 дахь ажил тань уг захиалагчаар дамжин таньд ажил олж өгөх болно. Танил тал эсвэл нэр хүндээр л ажил олж авдаг. Нэг юм сур гэдэг нь НЭГХЭН гэдэг тоо биш гэдгийг бас санах хэрэгтэй. Тэр нэгхэн юмандаа хамааралтай зүйлсийг ч та мөн хангалттай хэмжээнд мэдэж байх хэрэгтэй. PHP дээр ажилладаг хүн бол наад зах нь MYSQL гэж юу вэ гэдгийг мэдэхээс гадна сайн эзэмшсэн байх жишээтэй.

Программ сурах талаар:

Программ сайн сурах онцолвол бие даан суралцах нь Монголчууд бидний хувьд их хүнд ажил. Хэл уснаас ихсүүлээд. Гэхдээ Монгол хүний гень маань бидэнд программуудыг сурахад тусална. Юмыг хурдан сайн ойлгодог давуу тал бидэнд байна. Мөн одоо үед асууж хариулах хүмүүс ч их байна. Хэдэн жилийн өмнө бол бор зүрхээрээ л зүтгэдэг байлаа.

Хэрэв та вэб хийж сурахыг маш их хүсэж байвал:

1. Яг юуг нь та сайн хийж чадахыгаа тодорхойлох. Дизайн уу программ уу гэх мэт
2. Алийг нь илүү сонирхдог талаа буюу хоббигоо тодорхойлох
3. Аль чиглэл нь таньд илүү үр ашигтай вэ гэдгийг бодолцох. /Мэдээж та зүгээр хийх биш мөнгө олохыг бас бодож л байгаа байлгүй/

За үүний дараа та яаж суралцах боломжийг хайх хэрэгтэй. Ур чадвартай хүмүүстэй холбоо тогтоох, мөн холбоо тогтоохдоо та аль болох бага асуултаар их зүйлсийг сурч авах хэрэгтэй. Яагаад вэ гэвэл чадварлаг хүмүүс маань түүнийгээ дагаад ажил ихтэй байдаг. Тиймээс таньд гаргах зав зай бага гэсэн үг. Хэрэв та уг хүмүүсийн хариултыг яаж ч хичээгээд ойлгохгүй бол одоо өөр зүйл сонирхсон нь дээр байх гэж боджийно. Хэлээд хэлээд огт ойлгодоггүй хүмүүстэй ер нь нэлээд таарч байсан юм байна.

За сонголтоо хийчлээ. 1,2 хүнтэй холбогдчихлоо. Хэрэв та вэб дизайн сонгосон бол интернэт гэгч мэдээллийн сангаас вэбүүд рүү орж, болж өгвөл бэлэн фотошоп файлаар дизайнуудыг цуглуулж яаж хийсэн талаар судлах хэрэгтэй. Зарим дизайнуудыг шууд дуурайлгаад зураад үзэх хэрэгтэй. Дизайн гаргаж эхэлэх үед дуурайлгаж зурсан дизайн үндсэн дизайнаас их өөр болж шинэ дизайн гарч ирдэг. Мөн та дуурайлгаж зурж байхдаа өөрийн санаагаа оруулж өгөх хэрэгтэй. Эхэн үедээ иймэрхүү байдлаар үргэлжилсний эцэст та аяндаа өөрөө сэтгэдэг болоод эхэлнэ.
За дуурайлгаад зурах гэтэл фотошоп мэдэхгүй байлаа гэж бодёо. Тэгвэл та фотошопын хичээлүүдийг интернэтээр хайн олж унших хэрэгтэй. Жишээ агуулсан хичээлүүд таньд илүү ойлгомжтой байх болно. Гэх мэтчилэн таны мэдлэг,туршлага өдрөөс өдөрт нэмэгдэж байх болно.

Флаш дээр ажиллах нь бас л фотошоптой ажиллахтай төстэй. Гэхдээ хүмүүсээс тусламж авах нь арай их байна байх.

Би өөрөө бол PHP дээр ажилладаг. фотошоп болон флашийг суръя гэж бас боддог л байлаа. Гэхдээ цагийн аясаар нь бол ер нь орхигдож байна. Флашийг бол бэлэгдэл болгож суулгадаг. Амьдралдаа тоотой хэд л ажиллуулж үзсэн удаатай.
Фотошопыг бол бас боломжийн ашиглана. Хальт муухан дизайн гаргах, жижиг сажиг хэрэгтэй зүйлээ бэлдэх гэх мэт. Ялангуяа вэб угсарахад фотошоп дээр хийгдсэн дизайныг задалдаг. Аль болох бүгдийг өөрөө хийхийг хүссэн маань намайг PHP жаахан сурахад овоо нөлөөлсөн. Хэрэгтэй ч бай хэрэггүй ч бай янз бүрийн код байнга л бичиж суудаг байлаа. Түүнийхээ ачаар ч боловсорсоор л байна. Одоо харин ажилд дарагдаад боловсрох зав маруухан болж байна. Гэхдээ л 1 ажлыг 2 удаа хийхэд туршлага нэмэгдсээр байна. Туршлагыг хийсээр байж олж авдагийг сануулахад илүүдэхгүй байх.

Арван хэдтэй болон хорь гарсан ид юм сонирхдог насандаа яваа ЗАРИМ залуус маань үнэгүй программууд маш их ашиглаж буйг вэб хийдэг хүмүүс бол мэдэж байгаа байх. Ашиглах нь буруу биш. Угаасаа л үнэгүй ашигла гээд гаргасан юмыг ашиглахгүй бол болохгүй биз. Гэхдээ гол асуудал нь тэд ашиглахдаа суралцахгүйд байна. Ядаж уг үнэгүй зүйлсийг ашиглахдаа вэб угсарах болгондоо нэг юм ч гэсэн сураад байх хэрэгтэй. Ядаж л бааз болон програмчлалын анхан шатны түвшинг сайн авах хэрэгтэй. CSS ийн мэдлэгийг ойлгох хэрэгтэй. Тэхгүй бол насаараа хүний зүйлийг ашиглан гэж байхгүй байх. Ядаж л уг программуудыг хөгжүүлэхэд асуудлууд болон гацаа их гарч ирнэ. Тиймээс аль болох өөрөө имэйл форм илгээх, зочдын дэвтэр хийх зэргийг турших замаар суралцах хэрэгтэй. Болохгүй байвал интернэтээр дүүрэн ФОРУМ ууд байна. Тэндээс асуухад л мэддэг нэг нь хэлээд өгнө. Гэх мэтчилэн сураад л байх хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт том хэмжээний захиалгыг интернэтгүй орчинд хийх шаардлага ч гарах юм билүү. Хүнд аз гэж байдаг. Тэхээр амжилтанд хүрье л гэж бодож байгаа бол бүх талаас нь харах хэрэгтэй.

Ер нь ямар ч программ хангамжийг сурах байдал нь таны хобби болон идэвхи зүтгэл чармайлтаас л хамаарна. Бусдад найдах хэрэггүй. Эхлээд өөрөө болгох талаас нь судал, үз турш. Бууж өгтлөө тэмц. Бүү шантар. Харин бууж өгвөл бусдаас тусламж ав. Гэхдээ яагаад ч барахгүй юм аа бол шулуухан асуучихсан нь цаг хэмнэх байх.

За үүгээр дуусгая. Үндсэн сэдэвтээ таарсан эсэхийг хэлж мэдэхгүй ч өөрийнхөө санаа бодлыг ажлын цагаасаа хумслан байж сийрүүллээ. Нэг ч гэсэн хүнд хэрэг болсон бол би туйлын их баярлах болно.

No comments: